Та арилжааны талаарх ярианаас урт ба богино арилжааны талаар байнга дурдагддаг болохыг сонссон байх. Эдгээр нь арилжааны үйл ажиллагааны хамгийн түгээмэл хоёр төрөл юм. Хоёуланд нь тухайн хөрөнгийн ирээдүйн үнийн өөрчлөлтөөс ашиг олохыг найдаж, хөрөнгийг худалдан авах ба зарах ажиллагааг багтдаг.

Хөрөнгө оруулагчийн хувьд танд хоёр позиц нээлттэй байдаг — урт ба богино. Урт позиц гэдэг үнэ нь өсөх үед ирээдүйд зарах зорилгоор ямар нэг хөрөнгийг худалдан авах стратегийн алхам юм.

Үүний зэрэгцээ богино позицоор явах гэдэг нь та зээлж авсан хөрөнгийг худалдах үедээ тухайн хөрөнгийн үнэ унана гэж найддаг. Хэрэв та үүнээс хэрхэн ашиг олох бол гэж, мөн урт ба богино арилжаа хоорондоо ямар ялгаатай болохыг гайхаж байгаа бол бид энд танд бүгдийг тайлбарлах болно.

 

Энэ нийтлэлийг товч авч үзвэл:

  • Урт явдаг арилжаачид тухайн хөрөнгийн үнэ өснө гэж найддаг бол богино борлуулагчид тухайн хөрөнгийн үнэ унана гэж найддаг.
  • Хоёр тохиолдолд хоёуланд нь худалдан авах ба зарах үнийн зөрүү нь тухайн арилжаачны ашиг болдог.
  • Урт ба богино позиц нь хоёулаа таны арилжааны стратегийн нэг хэсэг болж болно.


Урт ба богино арилжаа гэж юу вэ?

Өдрийн арилжаанд арилжаачин ирээдүйд үнэ өснө гэсэн хүлээлттэйгээр хувьцаа эсвэл валют зэрэг хөрөнгө дээр урт позиц авч болно.Түргэхэн нэг жишээ харцгаая. Ямар нэг хувьцааны үнийг өснө гэсэн хүлээлттэйгээр та урт явахаар шийдсэн бөгөөд нэгж хувьцаа тус бүрийг нь 10 USD-аар тухайн хувьцааг 10000 USD-д худалдан авахаар шийджээ.

Хэрэв тухайн хувьцааны үнэ орой нь өсвөл нэгж хувьцаа тус бүр нь 10.50 USD болсон гэж үзвэл та бүх хувьцаагаа 10500 USD-аар зарах боломжтой. Данс руугаа шимтгэл авахаасаа өмнө та энэхүү урт позицоос 500 USD олсон байна.

Богино позиц гэдэг нь та брокероос ямар нэг хөрөнгө зээлээд, үнэ унана гэсэн хүлээлттэйгээр үүнийгээ зах зээл дээр зарах юм. Хэрэв ингэвэл та үүнийг бага үнээр буцаан худалдан авах боломжтой болно. Хувьцааг зарсан үнэ болон хувьцааг буцаан худалдан авсан үнийн зөрүүгээр та ашиг олно гэсэн үг.

Тухайлбал, та нэгж хувьцаа тус бүр нь 10 USD-аар брокероосоо 1000 хувьцаа зээлсэн байж болно. Та эдгээрийг үнэ нь эцэст нь унана гэсэн хүлээлттэйгээр өөр нэг хөрөнгө оруулагчид зарсан байна. Үнэ унахад, тухайлбал 9.60 USD боллоо гэж үзвэл та нийтдээ 9,600 USD төлж, 1000 хувьцаа буцаан худалдан авахаар шийдсэн байна. Үнийн зөрүү болох 400 USD нь таны ашиг юм.

 

Урт ба богино позиц: Хоорондоо ямар ялгаатай вэ?

Урт ба богино позицын хоорондын гол ялгааг авч үзье:

  • Урт позиц нь тухайн хөрөнгийн үнэ өснө гэж хүлээдэг бол богино позиц нь тухайн хөрөнгийн үнэ унана гэж хүлээдэг.
  • Урт позицын хувьд та тухайн хөрөнгийн эзэмшигч байдаг бол богино позицын хувьд та брокероос зээлж авсан хөрөнгөө зарж байна гэсэн үг 
  • Богино позицын хувьд та тухайн хөрөнгийг худалдан аваагүй гэдгээ санаарай — та өөрийн эзэмшлийн бус зүйлийг зарж байна.
  • Богино зарах нь танаас брокертойгоо маржийн данстай байхыг ерөнхийдөө шаардах болно.
  • Хувьцаан дээр урт позицтой арилжаачид ногдол ашиг авах эрхтэй байдаг. Богино арилжаачид хувьцаа зээлж авсан хувьцааны эзэмшигчид ногдол ашиг төлөх ёстой байдаг.


Урт ба богино арилжааг арилжааны стратегидаа ашиглах нь

Урт ба богино позиц нь таны арилжааны стратегийн нэг хэсэг болж болно. Арилжаачид үнэ өснө гэж үзвэл урт позицыг авдаг бол үнэ буурна гэж үзвэл хувьцааг богиноор авдаг. Арилжаачид мөн өөрсдийн арилжаалж буй хувьцааг эзэмшихийг хүсвэл урт явж болно.

Үүний зэрэгцээ хувьцааг богиноор авах нь эрсдлийг тэнцвэржүүлэх нэг арга болдог. Энэ нь танд ямар нэг хөрөнгө дээр эсрэг позиц авах боломжийг олгодог бөгөөд арилжаанаасаа цэвэр ашиг олох боломжийг нэмэгдүүлэхэд тусалдаг.

Үүний зэрэгцээ хувьцааг богиноор авах нь эрсдэлтэй стратеги болдог, учир нь энэ нь алдагдлыг хэд дахин нэмэгдүүлэх эрсдэлтэй. Тиймээс та үргэлж хангалттай хэмжээний судалгаа хийж, бат бэх арилжааны төлөвлөгөө гаргаж, итгэлтэй брокер ашиглах нь зүйтэй. Дараагийн арилжаагаа хийхийн өмнө хоёр позиц дээрх байж болох үр дагавар болон болзошгүй алдагдлын хэмжээг бодолцож үзэхээ бүү мартаарай.


Энэ материал нь ерөнхий мэдээлэл өгөх зориулалттай бөгөөд таны бүрэн найдах ёстой санхүүгийн эсвэл хөрөнгө оруулалтын бусад зөвлөгөөг өгөх зорилгогүй (өгнө гэж үзэх ёсгүй ) болно. INFINOX нь хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх зөвшөөрөлгүй. Уг материал дээр санал бодлоо нийтэлсэн INFINOX эсвэл аливаа бусад зохиогч нь аливаа хөрөнгө оруулалт, үнэт цаас, гүйлгээ эсвэл хөрөнгө оруулалтын стратеги нь аливаа тусгайлсан хүнд тохиромжтой гэж хэлээгүй болно.